2019 он: "ТАНД ОЙРХОН НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

ХАНДАЛТ
Өнөөдөр |28
Энэ 7 хоногт |152
Энэ сард |875
Энэ жил |10786
2018 онд |15055

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журам
Өмнөговь аймгийн Эрүүл мэнд,
нийгмийн даатгалын хэлтсийн даргын
2017 оны 02 дугаар сарын 08 - ний
өдрийн А/6 тоот тушаалын хавсралт


Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /ЭМНДХ/ -ийн хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажил албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэжлийг дээшлүүлэх, ажлыг төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, байгууллага иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг ёсыг тогтоох, түүнийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь үйл ажиллагаандаа Монгол улсын үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөлийн тогтоол, дүрэм, журам зэрэг эрх зүйн баримт бичгийг мөрдлөг болгон ажиллана.

1.3 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, харилцан хүндэтгэх, удирдах, удирдуулах зарчмыг баримтлан ажиллана.

1.4 Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт


2.1 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага нь Хэлтсийн дарга байна.

2.2 Хэлтсийн даргын дэргэд зөвлөл байна. Зөвлөл нь 4 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнд хэлтсийн дарга, тасгийн дарга нар байна.

2.3 Хэлтсийн даргын түр эзгүй хугацаанд байгууллагын удирдлагын үүргийг Үйлчилгээний тасгийн дарга гүйцэтгэх ба хөрөнгө, санхүүтэй холбоотой шийдвэр үл гаргана.

2.4 Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь бүтэц, зохион байгуулалт, орон тоогоо дээд газраас баталсан орон тооны хязгаар болон цалингийн сандаа багтаан тогтоож шийдвэр гарган ажиллана.

2.5 Хэлтсийн дарга байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.

2.6 Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаалыг гаргахдаа төсөл боловсруулсан ажилтан урьдчилан даргад танилцуулна.

Гурав. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, дүгнэх


3.1 Хэлтсийн төсвийн төслийг ажилтан албан хаагчдын саналыг авсаны үндсэн дээр төлөвлөгч эдийн засагч боловсруулж хэлтсийн хурлаар баталгаажуулж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.

3.2 Хэлтэс нь үйл ажиллагаагаа хагас, бүтэн жилээр төлөвлөж явуулна.

3.3 Үйл ажиллагааны төлөвлөгөөнд хэлтсийн эрхэм зорилгыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт ажилтны саналыг тусган даргын зөвлөлөөр хэлэлцүүлж батална. Түүний биелэлтэд хэлтсийн дарга /төсвийн шууд захирагч/ хяналт тавина.

3.4 Төсвийн шууд захирагч нь Аймгийн засаг дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулсны дараа бүх албан тушаалтнуудтай үр дүнгийн гэрээг байгуулна.

3.5 Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, хэлтсийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.

3.6 Ажилтнуудын гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг хэлтсийн дарга хагас, бүтэн жилээр дүгнэж, жилийн эцэст үнэлгээ өгнө.

3.7 Үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнг хамт олны болон Хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх буюу холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцно.

Дөрөв . Хурал зөвлөгөөн хийх


4.1 Хэлтсийн хурал 14 хоног тутамд 1 удаа хуралдана. Хэлтсийн хурлаар өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, явцын талаар ажилтнуудын мэдээллийг сонсож, цаашид гүйцэтгэх ажил, үйлчилгээний талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлоно.

4.2 Хэлтсийн хурлаар хэлэлцсэн ажил, арга хэмжээ, үүрэг даалгаврыг бичиг хэргийн ажилтан тэмдэглэж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

4.3 Даргын Зөвлөл нь мөн 14 хоног тутамд 1 удаа хуралдана.

4.4 Хэлтсийн хурал, даргын зөвлөлийн хурал нь шаардлагатай тохиолдолд дээр дурдсанаас өөр хугацаанд хуралдаж болно.


Тав. Тамга хэрэглэх, хадгалах, хамгаалах,
баримт бичиг хувилах, олшруулах,
албан хэрэг хөтлөх


5.1 Хэлтсийн дарга нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.2 Хэлтсийн тамгыг хэлтсийн дарга түшнэ. Хэлтсийн тамгыг ажлын байранд тусгайлсан шүүгээнд хадгална. Даргыг түр хугацаагаар эзгүй үед даргын тушаалаар тамга түших албан тушаалтныг томилж, томилогдсон албан тушаалтан тамгын бүртгэл хөтөлж, хүлээлгэн өгнө.

5.3 Хэвлэмэл хуудсыг бичиг хэргийн ажилтан хариуцан хадгална. Хэвлэмэл хуудасны ашиглалтын бүртгэл хөтөлнө.

5.4 Монгол Улсын Засгийн газраас баталсан албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, баримт бичгийн стандартад нийцүүлэн албан хэргийг хөтөлнө.

5.5 Тус хэлтэст ирсэн бичгийг, бичиг хэргийн ажилтан бүртгэн хүлээн авч, хэлтсийн даргад танилцуулан чиглэл авч, холбогдох ажилтанд шилжүүлнэ.

5.6 Хугацаатай мэдээ, тайлан, хариутай бичгийн хариуг заасан хугацаанаас нэг хоногийн өмнө боловсруулж даргаар хянуулсны үндсэн дээр явуулна.

5.7 Мэдээ тайлан, хариутай бичиг, анхан шатнаас мэдээлэх мэдээллийг хугацаа хожимдуулсан буюу тасалсан албан хаагчид хариуцлага хүлээлгэнэ.

5.8 Иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг бичиг хэргийн ажилтан хүлээн авч хэлтсийн даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.

Зургаа. Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, ажлын байрыг хадгалах, ажилтанд хариуцлага тооцох


6.1 Төрийн захиргааны албан тушаалд ажилтныг авахдаа төрийн албаны тухай хуулийн 10, 16, 17, 18 дугаар зүйл, АТГ-ын дүгнэлт, холбогдох дүрэм журмыг баримтлана.

6.2 Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийг үндэслэн захиргааны санаачлагаар болон өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөлнө.

6.3 Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3 заасны дагуу төрийн албанаас хална.

6.4 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулна. Гэрээ байгуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Гэрээний нэг хувийг ажилтанд өгнө.

6.5 Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тусгана. Үүнд:

6.5.1 Ажлын байр буюу албан тушаалын нэр;

6.5.2 Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, үүрэг;

6.5.3 Үндсэн цалин буюу албан тушаалын цалин, нэмэгдэл, урамшууллын хэмжээ;

6.5.4 Хөдөлмөрийн нөхцөл;

6.5.5 Ажлын цаг;

6.5.6 Гэрээний хугацаа;

6.6 Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн гэрээнээс гадна үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж болно.

6.7 Иргэнийг төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд томилоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

6.7.1 Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет /Маягт1/

6.7.2 Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээ /үнэмлэх, сертификат/-ний хуулбар, /нотариатаар гэрчлүүлсэн байх/;

6.7.3 Намтар /3 үеийн/;

6.7.4 Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

6.7.5 Иргэний үнэмлэхний хуулбар;

6.7.6 Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тухай болон Төрийн албаны тангараг өргөсөн тухай материал /төрийн үйлчилгээний албан тушаалд томилоход хамаарахгүй/

6.7.7 Зураг 3 хувь /3*4, 2 хувь /4*6/

6.8 Шинэ ажилтанг ажилчдын хурал дээр нийтэд танилцуулна.

6.9 Хүний нөөцийн ажилтан шинээр томилогдсон ажилтанд ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн эрх, үүрэг, үр дүнгийн гэрээ байгуулах журам, албан тушаалын цалин хөлс, ажиллах нөхцөл зэргийг тайлбарлан таниулна.

6.10 Ажилтан шинээр томилох болон чөлөөлөгдөх, халагдах үед ажил хүлээлцэх ажлын хэсгийг тушаалаар томилно.

6.11 Албан тушаалаас чөлөөлөгдөх, түр чөлөөлөгдөх буюу халагдсан иргэнтэй ажил хүлээлцэхдээ дараах зүйлсийг хүлээн авч хүлээлгэн өгснөөр тойрох хуудсыг хаана. Үүнд:
• Өөрийн эзэмшиж байсан компьютерт байгаа холбогдох файлуудыг цэгцэлж жагсаалт гарган хүлээлгэн өгөх
• Эзэмшиж байсан машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг өмч эзэмшлийн карттай тулган баталгаажуулж хүлээлгэн өгөх
• Үнэт цаасны тооцоог бүрэн хийж дуусгасан байх
• Тойрох хуудас хаагдсанаар албан тушаалаас чөлөөлсөн буюу халсан шийдвэрт заасан үндэслэлийг нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хариуцсан ажилтан бичилт хийж хүлээлгэн өгнө.

Долоо. Ажил амралтын горим


7.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу хэлтсийн албан хаагчдад 7 хоногийн ажлын нийт цаг 40 цаг байна. Ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна. Ажлын цаг өглөө 9 цагт эхэлж, орой 18 цагт дуусна. Үдийн завсарлага 13 цагаас 14 цагийн хооронд байна.

Албан хаагч бүр ажилдаа ирэх, ажлаас явахдаа автомат төхөөрөмжинд цагаа бүртгүүлнэ.

Ажилтнууд ажлын цагаас хоцрох, ажил таслах, тарахаас өмнө явахад тухайн хугацааг ажлын өдөрт шилжүүлэн цагийг тооцож сар бүр ажилласан өдрөөс нь хасч тооцно.

Цагийн бүртгэлийг тухайн сарын 20 - ны дотор холбогдох албан тушаалтан эцэслэн гаргана. Үйл ажиллагааны нягтлан бодогч хоцорсон хугацаанд оногдох мөнгөн дүнг тооцон Хэлтсийн даргад танилцуулан цалингаас суутгал хийнэ.

7.2 Хүний нөөцийн ажилтан нь ажилтнуудын ээлжийн амралтын нэгдсэн хуваарийг тухайн жилийн эхний улиралд гарган батлуулж хяналт тавих ажлыг гүйцэтгэнэ.

7.3 Ажилтан нь ажлын цагаар албан ажлаар өөр байгууллагад ажиллах бол удирдлагад заавал мэдэгдэнэ.

7.4 Шинээр томилогдон, туршилтын хугацаагаар ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ээлжийн амралт авах эрхтэй болно.

Найм. Тэтгэмжтэй түр чөлөө


8.1 Тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг ажилтны өргөдлийг үндэслэн Хэлтсийн дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

8.2 Ажилтан болон түүний эхнэр /нөхөр/, эцэг, эх, хүүхэд хүнд өвчний учир сувилуулахад магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагаас олгосон магадлагааг үндэслэн 1 сараас илүүгүй хугацааны цалинтай чөлөө олгоно.

8.3 Ажилтны эхнэр (нөхөр), эцэг, эх, хүүхэд, төрсөн ах эгч, өвөө, эмээ, хадам эцэг,эх – ийн буяны ажилд оролцоход ажлын 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгоно.

8.4 Ажилтан шинэ гэрийн найр, хуримаа хийх тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгоно.

8.5 Албан хаагчийн эхнэр хүүхэд төрүүлсэн тохиолдолд ажлын 5 өдрийн цалинтай чөлөө олгоно.

8.6 Дээрхээс бусад шалтгаанаар жилд 2 удаа нийт 10 хоногийн / нэг удаад 5 хоногоос ихгүй/ цалинтай чөлөө олгож болно. Бусад хугацаанд цалингүй чөлөө олгоно.

8.7 Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбогдсон харилцааг Засгийн Газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу шийдвэрлэнэ.

8.8 Эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн албан тушаалтанд Засгийн Газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал урамшуулал олгох журам”-ыг үндэслэн мөнгөн шагнал олгож болно. Мөнгөн шагналын хэмжээг орлон гүйцэтгэсэн хугацаа, уг ажлыг гүйцэтгэсэн байдал зэргийг харгалзан даргын тушаалаар олгоно.

ЕС. Цалин хөлс, шагнал урамшуулал, нийгмийн баталгаа


9.1 Цалин хөлс

9.1.1 Ажилтны үндсэн цалинг ажил, үйлчилгээний онцлог, мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцөлөөр нь ялгаатайгаар, Засгийн газраас гаргасан цалингийн түвшинтэй уялдуулан байгууллагын даргын тушаалаар тогтоож олгоно.

9.1.2 Цалинг сард 1 удаа олгоно. Ажилтан хүсвэл цалингийн тодорхой хувийг урьдчилан олгож болно.
9.1.3 Төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэвийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох асуудлыг тухайн оны хоёрдугаар сард багтаан саналаа хүргүүлж, Аймгийн засаг даргын захирамжийн дагуу олгоно.

9.1.4 Жил бүр ажилтнуудын ажилласан жилийг тооцож төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг журмын дагуу олгоно.

9.1.5 Ажилтан дээд шатны байгууллагаас зохион байгуулсан сургалтанд /дадлага хамаарахгүй/ хамрагдсан тохиолдолд хугацаа харгалзахгүй албан томилолт, замын зардал, цалинг бүтэн олгоно.

9.1.6 Өөрийн санаачлагаар сургалтад хамрагдах тохиолдолд урьдчилан удирдлагатай зөвшилцөж, суралцах боломжтой хугацааг тохирох ба нэг сар хүртэлх хоногийн цалинг олгох, нэг сараас дээш хугацаагаар явах тохиолдолд цалинг олгохгүй ба хугацаанаас хамаарч ажлаас чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ.

9.1.7 Ажилтан, албан хаагчдын цалингаас хуримтлалын сан бүрдүүлж болно. Хуримтлалын санг хамт олны шийдвэрээр баталсан журмаар зохицуулна.


9.1.8 Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдлийг хэлтсийн даргын шийдвэрээр олгож болно.

9.1.9 Мэргэшсэн нягтлан бодогчид 15% -ийн нэмэгдэл олгоно.

9.1.10 Сумдын байцаагч нарт Нийгмийн даатгалын хуулиа сурталчилан хэрэгжүүлэх зорилгоор шуудан холбооны зардлыг олгож болно.


9.2 Шагнал урамшуулал

9.2.1 Хэлтэс нь жилийн ажлаа дүгнэн хэлтэс, сумын шилдэг байцаагч шалгаруулж шагнаж урамшуулна.

9.2.2 Ажилтны хөдөлмөрийн амжилт, гавьяаг үнэлж төрийн шагнал, одон, медалиар шагнуулахаар тодорхойлно.

9.2.3 Шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах асуудлыг хамт олны саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

9.2.6 Жилд нэг удаа ажлын туршлага солилцох зорилгоор өөр аймагт ажиллаж болно.

9.2.8 Төрийн үйлчилгээний ангилалд хамаарсан ажил эрхэлж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнуудад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

9.3 Ажиллах нөхцөл нийгмийн баталгаа

9.3.1 Тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангана.
9.3.2 Ажилтны эцэг эх, нөхөр /эхнэр/, хүүхэд нас барвал 150 000, өвөө, эмээ, хадам эцэг /эх/, төрсөн ах, эгч, дүү нас барвал 100 000 /нэг зуун мянга/ төгрөг, ажилтан өөрөө нас барвал нэг сарын үндсэн цалин, албан үүргээ гүйцэтгэж яваад нас барвал тухайн ажилтны 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж тус тус олгоно.

9.3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тухайн байгууллагад ажилласан жилийг харгалзан дор дурьдсан хэмжээгээр тэтгэмж олгоно.
• 5 хүртэл жил ажилласан ажилтанд 1 сарын дундаж цалин
• 15 хүртэл жил ажилласан ажилтанд 2 сарын
• 20 хүртэл жил ажилласан ажилтанд 3 сар
• 20-иас дээш жил ажилласан ажилтанд 4 сарын дундаж цалин

9.3.4 Ажилтан, албан хаагчдын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдэд Шинэ жил, Хүүхдийн баяраар бэлэг өгч болно.

9.3.5 Ажилтан нь магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр Улаанбаатар хот болон гадаад оронд явж эмчлүүлэх болсон тохиолдолд мөнгөн /дотоодод 100 000, гадаадад 200 000 төгрөгийг жилд 1 удаа/

9.3.6 Ажилтан шинэ гэр, байшинд орох, хурим найр хийх, гэр бүлд нь шинэ хүн мэндэлсэн тохиолдолд 100000 төгрөгийн тэтгэмж олгож болно.

9.3.7 Нийт ажилтан, албан хаагчдад хоолны үнэнд ажлын нэг өдөрт 3000 хүртэл төгрөгөөр тооцож олгож болно.

9.3.8 Нийт ажилтан, албан хаагчид, хэлтсийн ахмад настангуудад жилд нэг удаа хуульд заасны дагуу мөнгөн тусламжийг олгоно.

9.3.9 Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу “Цагаан сар”, “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ниймгийн даатгалын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулна.

Арав. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага


10.1 Байгууллагын эрх, үүрэг

10.1.1 Байгууллагын эрх

10.1.1.1 Ажилтнаас байгууллагын дотоод журам, үр дүнгийн гэрээ, хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг албан ёсоор шаардана.

10.1.1.2 Үр дүнгийн гэрээ, дотоод журам зөрчсөн ажилтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.1.1.3 Ажилтнаас ажлын тайлан, холбогдох тооцоо судалгааг гаргуулж авах, шаардлагатай үед илүү цагаар ажиллуулна.

10.1.1.4 Байгууллагын эд хөрөнгө, өмчийг ариг гамтай хэрэглүүлэх, цэвэрч соёлтой байх талаар шаардлага тавина.

10.1.1.5 Ажлаас хоцорч, тасалж хариуцлага алдсан болон мэдээ тайлан хоцруулсан ажилтнуудад хариуцлага тооцож, цалинг хасна
10.1.1.6 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 буюу 23.3.2-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн нөхцөлд тусламж олгохгүй.

10.1.2 Байгууллагын үүрэг

10.1.2.1 Албан хаагчийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөл, баталгааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хангана.

10.1.2.2 Ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор бүх шатны сургалтад бодлого, төлөвлөгөөтэй, ээлж дараатай хамруулж, дэмжлэг үзүүлнэ.

10.1.2.3 Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт, ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, зэрэг дэв олгох, цалингийн шатлал ахиулна.

10.1.2.4 Ажилтнуудын санал хүсэлтийг жилд 1-ээс доошгүй удаа хүлээн авч хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай шийдвэрлэнэ.

10.1.2.5 Албан хаагч нэг бүрт хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийг эдлүүлж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга дэг журмыг сахиулна.

10.1.2.6 Жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулна.

10.2 Албан хаагчийн эрх, үүрэг

10.2.1 Албан хаагчийн эдлэх эрх

10.2.1.1 Албан хаагчид нь энэ журамд заасан ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй.

10.2.1.2 Ажилтан өөрийн нийгмийн баталгаа, ажиллах нөхцөл бололцоо болон албан ажлаа явуулахад шаардлагатай нөхцлийн талаар санал хүсэлт гаргана.

10.2.1.3 Чухал шаардлагатай үед албан ажлын хэрэгцээнд автомашин хэрэглэнэ.

10.2.1.4 Албан ажлын хэрэгцээнд жил бүр архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэгслээр хангагдана.

10.2.1.5 Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан тохиолдолд гурван сараас дээш хугацааны мэргэшүүлэх, давтан сургах сургалтанд хамрагдах эрх үүснэ.

10.2.1.6 Гурван сараас дээш хугацаагаар суралцаж мэргэшил, мэдлэгээ дээшлүүлсэн албан хаагч тухайн байгууллагадаа гурваас доошгүй жил тогтвортой ажиллана.

10.2.2 Албан хаагчийн үүрэг
10.2.2.1 Үйлчлүүлэгчидтэйгээ эелдэг дотно харьцах, хөнгөн шуурхай, зөв боловсон, чанартай үйлчлэнэ.

10.2.2.2 “Ажлын байрны тодорхойлолт”- д заасан болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн тухай тайлангаа зохих журам, зааврын дагуу хагас, бүтэн жилээр гаргаж тайлагнана.

10.2.2.3 Ажилтан бүр өргөсөн тангарагтаа үнэнч байж, байгууллагын эрхэмлэх үнэт зүйлсээр бахархаж, тэрхүү үнэт зүйлсийг бүтээлцэж буй өөрөөрөө, хамт олноороо, эзэмшсэн мэргэжлээрээ, эрхэлж буй ажлаараа бахархаж, байгууллага, хамт олныхоо нэр хүндийг өргөж явна.

10.2.2.4 Ажилтан бүр гүйцэтгэж буй ажилдаа идэвхи чармайлт гарган ажиллаж, амжилтаа ахиулах, хамт олны тэргүүлэгч байх, орчиндоо идэвхтэй байж, өөрийгөө хөгжүүлнэ.

10.2.2.5 Байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт материалыг бусдад задруулах, ашиглуулах, алдаж үрэгдүүлэхгүй байна.

10.2.2.6 Өөрсдийн хариуцсан эд хогшлыг хайрлан хамгаалж, төсөвт зардлыг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулна.

10.2.2.7 Өөрийнхөө эрхэлсэн ажлын холбогдолтой хууль тогтоомж дүрэм заавар, журам зэрэг гарын авлага материалтай, мөн холбогдох судалгаа, дүгнэлт, хийж гүйцэтгэсэн ажлын тэмдэглэлтэй байна.

10.3 Хориглох зүйл

10.3.1 Ажлын байранд тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэх, албан бус арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.

10.3.2 Хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, зөвшөөрөлгүй хувьдаа ашиглах, гадагш гаргахыг хориглоно.

10.3.3 Ажилтнууд компьютерийн санамжид байгаа мэдээллийг санаатайгаар устгах, гэмтээх, хуулбарлах, нууц баримтыг ашиглах, бусдад мэдээлэхийг хориглоно.

10.4 Сахилгын шийтгэл ногдуулах

10.4.1 Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, байгууллагын дотоод журам зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26,1-д заасныг үндэслэн дараах шийтгэлийг ногдуулна.
• Сануулах
• Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
• Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах
10.4.2 Хөдөлмөрийн сахилга алдсан ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн дор дурдсан сахилгын шийтгэл ногдуулна.
• Сануулах
• Үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
• Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа /2 ба түүнээс дээш/ зөрчсөн буюу ноцтой зөрчил (хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн болон согтуугаар ажилдаа ирсэн, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, эрүүлжүүлэгдсэн, албан хэргийн нууцыг задруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргаж Ёс зүйн хорооны хурлаар орсон) гаргасан тохиолдолд ажлаас халах

10.4.3 Сахилгын шийтгэлийг Хэлтсийн даргын шийдвэр гаргаж ногдуулна

10.4.4 Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна

10.4.5 Сахилгын шийтгэлтэй хүнд шагнал урамшуулал олгохгүй.

10.4.6 Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.

10.4.7 Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж “F” үнэлгээ авсан тохиолдолд ажлаас халах үндэслэл болно.

Арван нэг. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх


11.1. Байгууллагын үүрэг

11.1.1 Байгууллагын хэмжээнд нэгж, албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын чиг үүргийг нь үндэслэн ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох, тухайн нөхцөлд байдалд хүргэхгүй байх зорилгоор тухайн ажлын байр, албан тушаалтны тодорхой зан үйл, үйлдлийг хязгаарлаж хориглох талаар хуулийн дагуу зохицуулалт хийх

11.1.2 Нийтийн албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх

11.1.3 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах

11.1.4 Ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх

11.1.5 Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх

11.1.6 Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх

11.1.7 Энэ хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх

11.1.8 Гомдол , мэдээллийн мөрөөр болон шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна

11.2 Албан тушаалтны үүрэг

11.2.1 Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхол (хувь хүмүүсийн тус тусын сонирхлын нийлбэр, эсхүл тухайн нэг бүлгийн сонирхол биш, харин нийт иргэдийн нийтлэг сонирхол)-ыг өөрсдийн болон хувийн ашиг сонирхол (ажилтанд байж болох хувийн, мэргэжлийн, бизнесийн сонирхлоос гадна түүний хувийн болон ажил төрлийн холбоотой хүмүүсийн сонирхол)-оос ангид байлгах үүрэгтэй

11.2.2 Албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

11.2.3 Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж байгууллагын даргад өгнө.

11.2.4 Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байсан мөртлөө холбогдох тасгийн болон Хэлтсийн даргад мэдэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Арван хоёр. Мэдээлэл, холбооны технологийн үйл ажиллагаа


12.1 Ажилтан ажлын байранд суурилуулсан компьютер, техник хэрэгсэл, төрөл бүрийн программ хангамж, мэдээллийн үйлчилгээ, дотоод сүлжээ, интернет сүлжээ болон төрөл бүрийн холбоо ашиглах эрх, эдгээртэй адилтгах мэдээлэл холбооны технологийн бусад хэрэгсэл, үйлчилгээг зориулалтын дагуу бүрэн үр ашигтай, ариг гамтай ашиглана.

12.2 Дотоод сүлжээ болон Inbit мессенжир ашиглаж албан хэргээ явуулах ба интернэт орчинд захиргааны зүгээс зарим хязгаарлалт хийнэ.

12.3 Ажилтан мэдээлэл холбоо, технологийн чиглэлийн мэдлэгээ байнга дээшлүүлж, олсон мэдлэгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.

12.4 Ажилтан нийгмийн даатгалын үйл ажиллагааг автоматжуулах, программ хангамж шинээр боловсруулах, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий компьютерийн техник хэрэгсэл суурилуулан ашиглалтанд оруулах, ашиглаж буй техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэн сайжруулах, гэмтлийг тогтоон сэргээн засварлах зэрэг мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн төвөгтэй ажлууд, түүнчлэн мэдээлэл холбооны технологийн эрэл хайгуул хийх зэрэг хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх ач холбогдолтой ажлуудыг гүйцэтгэхэд ойлгоцтой хандаж нөөц боломжийн хэмжээнд тусалж дэмжиж байна.
12.5 Ажилтан нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой олон нийтэд мэдээлэх материалыг хэлтсийн даргаар хянуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудсанд материал хүлээн авснаас хойш ажлын 8 цагт багтаан нйилүүлнэ.

12.6 Мэдээлэл холбооны технологи нэвтрүүлэн ашиглах үйл ажиллагаанд хориглох зүйл.

12.6.1 Компьютер, сүлжээний сервер компьютер, адилтгах гол чухал тоног төхөөрмжийг ашиглалтын журам зөрчин гэмтээн ажиллагаагүй болгох, компьютерийн сүлжээнд санаатайгаар вирус тараах, хууль бусаар хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулах;

12.6.2 Нийгмийн даатгалын өгөгдөл, мэдээллийн сан ба зориулалтын программ хангамж зэрэг электрон хуримтлал, сангуудыг хатуу диск болон адилтгах бусад зөөгч (нөөцлөгч) хэрэгслээс устгах, алдаж үрэгдүүлэх, зохих зөвшөөрөлгүй хуулбарлах, бусдад дамжуулах, нууцлал алдагдсаныг санаатайгаар нуун дарагдуулах;

12.6.3 Ажилтан мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийн сан ба зориулалтын программ хангамжийн эх код (source) техникийн зураг, төслийг зохих журам, технологийн дагуу бүрдүүлэхгүй байх, албан хэрэгцээний компьютер, сүлжээний бусад техник хэрэгсэлд дур мэдэн өөр программ хангамж болон бусад төрлийн файл суулгах, оруулах, хадгалах, өгөгдлийг санаатай буруу оруулах, оруулан байршуулсан өгөгдөл, мэдээллийг дур мэдэн засах, өөрчлөх, утгыг гажуудуулах;

12.6.4 Компьютер техник хэрэгслийг гадны хүмүүсээр задлуулах, засварлуулах, эд ангийг дур мэдэн сольж өөрчлөх, ажлаас өөрчлөгдсөн тохиолдолд авч явах, түүнчлэн ажлын цагаар компьютерийн тоглоом тоглох, зүй бус видео, мультмедиа үзэх ба үүндээ бусдыг уруу татах, уриалах;

12.6.5 Албан хэрэгцээний программ хангамжийг санаатай буюу ашиглалтын горим зөрчин устгах, өөрчлөх, ажиллагааг нь алдагдуулах, түүнчлэн өгөгдлийн сан, тогтмол ашиглагдах файл, холбоос зэргийн нэр, нууцлалын горим, хандах замыг дур мэдэн засах, өөрчлөх;

12.6.6 Ажилтан даатгуулагч, үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг бусдад тараахыг хориглоно;

Арван гурав. Дотоод ажлын хяналт, дэг журам


13.1 Албан хаагчдын ажлын хэрэгцээнд ажлын өрөө бүрт холбооны дотуур утас байх бөгөөд ажил үүргийн онцлогийг харгалзан зарим өрөөний утсанд хязгаар /гар утас руу гарах/ тогтооно.

13.2 Ажлын байранд дараах зүйлийг хориглоно.

13.2.1 Хэлтсийн даргын зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл (эд хогшил, техник хэрэгсэл) гадагш гаргах;

13.2.2 Буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх шатамхай материал оруулах;
13.2.3 Том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа материалыг оруулах, гаргахдаа зөвшөөрлийн бичигтэй байх бөгөөд хамгаалалтын ажилтан болон зохион байгуулагчид шалгуулахгүй орох, гаргах;

13.2.4 Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн нэвтрүүлэх;

13.2.5 Ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах, бусдыг үг хэлээр доромжлох, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах;

Арван дөрөв. Байгууллагын нууц, түүнийг хадгалах, хамгаалах


14.1 Хэлтсийн нийт байцаагч, ажилтнууд иргэн, харилцагч байгууллагын нууцыг чандлан хадгалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үүрэг хүлээж ажиллана.

14.2 Байгууллагын нууцад дор дурдсан баримт бичиг, мэдээлэл орно. Үүнд:

14.2.1 Гадны байгууллага, иргэдээс ирүүлсэн нууцын зэрэглэлтэй баримт бичиг/ албан бичиг, өргөдөл, гомдол, мэдээлэл/;

14.2.2 Нууцын зэрэглэлтэйгээр байгууллагаас гаргасан тогтоол, ажлын төлөвлөгөө, албан бичиг, танилцуулга;

14.2.3 Боловсруулалтын шатанд байгаа аливаа бодлогын болон албан бичиг шалгалтын тайлан;

14.2.4 Байгууллагын ажилтан, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл гаргагчийн нэр, хаяг;

14.3 Ажилтан албан хаагч үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах бөгөөд түүнийг бусдад тараах, олшруулах, дамжуулахдаа хэлтсийн даргын зөвшөөрлийг авна;

Арван тав. Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай


15.1 Энэхүү журмын эрх зүйн баримт бичиг болсон хууль, дүрэм, журамд өөрчлөлт орсон эсвэл хүчингүй болсон бол

15.2 Уг журмын зарим зүйл, заалтыг эсвэл бүхэлд нь өөрчлөх хамт олны олонхийн санал гарсан бол

ТАНЫ ТУСЛАХ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА