-
Ямар өвчтэй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгох вэ?
Тухайн өвчний үе шат, хүндрэл, өвчтөний биеийн байдлаас хамаарч Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалд заасан өвчний жагсаалтын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтооно.
-
Хэдэн хувиар хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?
Ердийн болон ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-аас доошгүй хувиар, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 40-өөс доошгүй хувиар алдсан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.
-
Хөдөлмөрийн чадвар алдалтыг хэдэн хувиар тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж үзэх вэ?
-Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан
-Хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан бол хагас (хэсэгчлэн) алдсан гэж үзнэ.
-
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг шинээр тогтоолгоод Нийгмийн даатгалын хэлтэс (тасаг)-т баримт бичгийг өгснөөс хойш хэд хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтоох вэ?
Нийгмийн даатгалын байгууллагад иргэн (даатгуулагч) 14 хоногийн дотор баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Нийгмийн даатгалын байгууллага баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тахир дутуугийн тэтгэврийг тогтоон шийдвэрлэнэ.
-
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг ямар хугацаанд сунгуулах вэ?
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа дуусахаас өмнө буюу хойно 14 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой.
-
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулахын тулд хяналтын эмчээс гадна өөр төрөлжсөн мэргэжлийн эмч нарт үзүүлэх шаардлагатай юу?
Эмчлэн эрүүлжүүлэх төлөвлөгөө, явцын хяналтын дагуу төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох оношилгоо, шинжилгээг зайлшгүй хийлгэх ёстой.
-
Ямар тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг өөрчлөн тогтоодог вэ?
Иргэний биеийн байдал, оношилгоо, шинжилгээний үзүүлэлтүүд, өвчний явц, хүндрэл зэргээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, заалтыг өөрчлөн тогтоож болно.
-
Ял эдлэж байгаа ялтан хоригдохоосоо өмнө хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон бол сунгуулж болох уу?
Болно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/243, А130 А/25 тоот “Зааварт өөрчлөлт оруулах тухай” тушаалын 1.1-т ...шүүхээр ял эдэлж буй ялтны ХЧА-ыг шинээр тогтоохгүй ба зөвхөн урьд тогтоолгосон ХЧА-ын хувь, хугацааг сунгах эсэх асуудлыг тухайн хорих байгууллагын харьяа аймаг /дүүрэг/-ийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс шийдвэрлэнэ... гэж заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгана.
-
Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монголын иргэншилтэй иргэн Монголдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах боломжтой юу?
Тухайн орны Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтыг баталгаажсан орчуулгын төвөөр орчуулсан орчуулга болон тус улсад суугаа манай улсын Элчин сайдын яамны тодорхойлолт, бусад бичиг баримтын хамт харьяа аймаг (дүүрэг)-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулж болно.
-Хөдөлмөрийн чадвараа 50-69 хувиар алдсан бол хагас (хэсэгчлэн) алдсан гэж үзнэ.
-
Багш мэргэжилтэй, шуугианаас болоод чих дүлийрэлттэй болсон. Ажлаа өөрчлөх гэхээр албан ёсны шийдвэрээ авч ир гэсэн, хаанаас авах вэ?
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн нөхцөл сольсон шийдвэр гаргуулан өөрийн эрүүл мэндэд харшлахгүй таарч тохирох ажил хийж болно.
-
Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэн (даатгуулагч) Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж ажлын цаг хорогдуулсан шийдвэр гарсан тул цалинг бүтэн олгох уу?
Хөдөлмөрийн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтад ...хорогдуулсан цагийг бүтэн ажилласнаар тооцож олгоно... гэж заасан байх тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилласан цагийн хөлсийг бүтнээр тооцож олгоно.
-
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгон тахир дутуугийн тэтгэвэр авч өөртөө тохирсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон тухайн өвчний оношоороо хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч болох уу?
Даатгуулагч тухайн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдаж үүний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаа тул уг өвчний оношоор хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжгүй.