Өмнөговь аймагт анх 1963 оны 7 дугаар сараас аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр цалин хөлсний төлөөлөгч томилогдон ажилласнаар тус хэлтсийн эх суурь тавигдсан. Өмнөговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын захирамжаар 1966 онд Хөдөлмөр, цалин хөлсний товчоог байгуулж, Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1974 оны 57 дугаар захирамжаар Хөдөлмөр, цалин хөлсний товчоог Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болгон өөрчлөн дарга, хөдөлмөрийн байцаагч, тэтгэврийн байцаагч, нягтлан бодогч зэрэг 4 орон тоотойгоор ажилласан.
Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор, аймгийн Засаг даргын дэргэд Нийгмийн даатгалын хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулж хэлтсийн дарга, нийгмийн даатгалын байцаагч 2, ахлах нягтлан бодогчтойгоор Даланзадгад суманд 4 орон тоотой тасаг, 14 сумандаа нийгмийн даатгалын байцаагч тус бүр нэгтэй, аймгийн төвд жижиг асрамжийн газартайгаар ажил үүргээ эрхлэн гүйцэтгэж байсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан орон тооны бүтцээр тус хэлтэс нь 2016 оноос 12 суманд тус бүр нэг нийгмийн даатгалын байцаагчтай, Цогтцэций сумын Нийгмийн даатгалын тасагт 2 байцаагч, Ханбогд сумын нийгмийн даатгалын тасагт 2 байцаагч, хэлтэстээ 20 байцаагч, 4 үйлчилгээний ажилтан, нийт 40 орон тоогоор ажиллаж, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэгжилтэнд хяналт тавих, ажил олгогч, иргэдийг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, уг сангаас даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоон олгох ажлыг эрхлэн зохион байгуулах өргөн цар хүрээтэй ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тус хэлтэс нь Нийгмийн даатгалын үйлчилгээний тасаг, Санхүү, бүртгэлийн тасаг, Хяналт шалгалт дотоод аудитын тасагтайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 онд үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж батламжаа авсан.
Өмнөговь аймаг нь Монгол улсын эдийн засгийн тулгуур бүс нутаг тул уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр эдийн засгийн эргэт сайжирч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хурдацтай явж байгаагийн үр дүнд хэлтэс нь сүүлийн жилүүдэд дунджаар 80,0 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого төв санд төвлөрүүлэн ажиллаж байна.
Манай хэлтэс Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгаруулдаг ажлын үзүүлэлтээр 21 аймгийн хэлтсүүдээс 2017 оны ажлаараа тэргүүн байр, 2018 онд дэд байр, 2002, 2006, 2008 онуудад 3 дугаар байрыг тус тус эзэлсэн. Мөн 2021 оны ажлаараа Өмнөговь аймгийн тэргүүний байгууллагаар шалгарсан.